Мед Импекс Интернэшнл компани нь 2003 онд байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 16 дах жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бид 2005 оноос дэлхийн уян дурангийн салбарын тэргүүлэх үйлдвэрлэгч болох Япон улсын Олимпус корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа билээ.
Манай хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд салбарын эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, олон улсад хийгддэг уян дурангийн мэс засал, ажилбаруудыг өөрийн оронд нутагшуулах зорилготой “Ходоод, гэдэсний хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх” сургалт, семинарыг 2014 оноос Олимпус корпораци болон ANBIIG (Asian Novel Bio-Imaging and Intervention Group)–ийн дэмжлэгтэйгээр жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн юм.
Сургалтыг Японы талаас Осакагийн Хавдар судлалын төвийн захирал Dr. Noriya Uedo, Монголын талаас Гастроэнтерологийн Холбооны тэргүүн Д.Даваадорж, Монголын Интервэйшнл Эндоскопийн Нийгэмлэгийн тэргүүн А.Баттулга нар удирдан явуулдаг.
2014-2018 онуудад зохион байгуулагдсан 4 удаагийн сургалтаар давхардсан тоогоор хоол боловсруулах болон эмгэг судлаач 300 орчим эмч, мэргэжилтнүүдийг хамруулж ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний хавдрыг дэлхийн нийтээр дагаж мөрдөж байгаа ангилал, арга аргачлалаар оношлож, эмчлэх, гардан үйлдлийн ур чадвар эзэмшихэд үнэтэй хувь нэмэр оруулснаар хавдрын эрт илрүүлгийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, эрт үедээ эмчлэгдэж амьдралын чанараа хадгалж үлдсэн өвчтөнүүдийн тоо өссөөр байгаад бид туйлын баяртай байдаг.
Энэ жилийн 5 дахь удаагийн сургалтыг Монголын Интервэйшнл Эндоскопийн Нийгэмлэгийн 3-р конгрессийн хамт 2019 оны 10 сарын 11,12-нд зохион байгуулах гэж байгаа бөгөөд сургалтанд Японы Гастроэнтерологийн холбооны тэргүүн, профессор Hisao Tajiri, Японы Осакагийн Анагаахын төвийн Ходоод гэдэсний замын Хавдар судлалын тасгийн орлогч захирал Dr. Noriya Uedo зэрэг профессорууд NBI, ESD, EMR болон EUS зэрэг уян дурангийн орчин үеийн ажилбаруудын талаар лекц уншиж, гардан үйлдлийн сургалтыг удирдан явуулах юм.