Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон нийт, байгаль дэлхийд чиглэсэн арга хэмжээнд тогтмол хамтран ажиллаж, сайн сайхны төлөөх арга хэмжээг дэмжин ажилладаг билээ. Энэ удаад “Олон улсын дэлхийн өдөр”-ийн хүрээнд Залуу дугуйчин клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хатан туул голоо хайрлан хамгаалъя” үйл ажиллагааг бид дэмжин ажиллалаа. Уг арга хэмжээнд Монголын дугуйн холбоо, Монголын Триатлоны холбоо ,Оргил дугуйн клуб,Уб сошиал байк клуб, Cube Mongolia клуб, Монголын мэргэжлийн экстрем холбоо, Санхүү эдийн засгийн дээд сургууль зэрэг байгууллагууд нэгдэж 150 орчим залуусыг байгаль идэвхижүүлж чадсан арга хэмжээ болсон юм.с Улаанбаатар хотын ойролцоох Туул голын ойр орчмоос 350 шуудай хог болон бусад хог хаягдлыг цэвэрлэсэн. Бид өмнөх жилүүдийн арга хэмжээнд хамтран ажиллаж байсан бөгөөд энэ жилийн арга хэмжээнд нэгдсэн залуус олон, дэмжигч байгууллагууд өргөжсөнөөрөө онцлогтой байлаа.
Мэдээлэл болгон хүргэхэд 2009 оны НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг Эх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар болжээ. Энэхүү өдрийг АНУ-д 1970 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 1990 он гэхэд дэлхийн 140 гаруй оронд тэмдэглэдэг болсон байна.
Манай орны нийт усны нөөцийн 34.6 шоо км- нь гол мөрөн, 500 шоо км–нь нуур, тойромд,62.9 шоокм мөнхцас, мөсөн гол тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл усны нийт нөөцийн 90% гаруйг гадаргуугийн ус эзэлж байна. Усны нөөцийн дийлэнх хувьд бидний мэдэх гол, горхи, нуур зэрэг хэлбэрээр оршдог манай орны хувьд цөлжилтийн асуудал тулгамдаад байгаа билээ. Орчин үед Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцээс гаргасан тодорхойлолтыг илүү баримтлах болжээ. Тус конвенцид зааснаар “ Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай, заримдаг хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газар орчин доройтохыг цөлжилт гэнэ” гэж тодорхойлсон байдаг.
Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн бөгөөд үүнээс 35.3 хувь нь сул, 25.9 хувь нь дунд, 6.7 хувь нь хүчтэй, 9.9 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамаарч байна.